2016 оны 07 сарын 26
Автомат камерт 20 хоногийн хугацаанд 2 зүйлийн амьтны (халиун буга, бор гөрөөс) 189 кадр дарагдсан үеийн товч мэдээллийг хүргэж байна. Камер байрлуулсан тухайн газрын цасны зузаан 25 см, 18С градусын хүйтэн байсан байна. Согооны сүрэг шөний 02:04 цагаас өдрийн 11:30 цаг хүртэл цасыг цавчиж идээшилсэн байгаа нь согоо өвлийн улиралд шөний болон үдээс өмнө идэвхтэй байна. Согооны зургийг харахад тарга тэвээрэг сайтай, гэдэс цатгалан, тайван идээшилж байгаа нь тухайн газар өвөлжилт хэвийн байгааг харуулж байна.
Камерт өглөөний 10:30 цагт бор гөрөөсний зураг 6 кадр дарагдсан байна. Уг гөрөөс нь бие гүйцсэн, тарга тэвээрэг сайтай, цатгалан, толгойныхоо дунд хэсгээс ургасан салаагүй ганц эвэртэй байгаа нь сонирхол татахуйц эвэртэй амьтан байгааг харуулж байна.
Энэхүү камерийг Хамгаалалтын захиргаа хувийн шугамаар олж туршиж байгаа бөгөөд тодорхой газар нутагт олон камер байрлуулж богино хугацаанд зардал багатай, бодит мэдээллүүдийг цуглуулж хамгаалалтын менежментийг шинэчлэн сайжруулах, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг харуулж байна.
Хан Хөхийн нуруунд ганц эвэртэй бор гөрөөс харж байгаагүй гэж нутгийн иргэд болон байгаль хамгаалагч, орон нутгийн судлаачид ярьж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ