Хяргас нуурын БЦГ: Хяргас нуур нь д.т.д.1028 м-ийн өндөрт орших тектоник гаралтай эртний нуур юм. 1406,8 км2 талбайтай, 75 км урт, 31 км өргөн, эргийн шугамын урт 253,2 км, усны дундаж гүн 47 м, Чацарганы шугамын ойролцоо 92 м. Усны эзэлхүүн 66,034 сая м3. Хяргас нуурын хотгор нь Хан Хөхийн нурууны суналын дагуу бараг өргөргийн дагуу чиглэлтэй тогтсон ба хотгорын ёроол нь хойд хэсэг рүүгээ 3 талаасаа налуу байх ба энэхүү хэсэгт Хяргас нуур байрлана. Хяргас нуур нь Хар-Ус нуурын системийн дотор хамгийн нам орших том нуур бөгөөд Алтай, Хангайн уулархаг нутгаас эх авч Их нууруудын хотгор руу урсах бүх голуудын элэгдлийн эцсийн суурь болдогоороо онцлогтой. Орчин нь цөлөрхөг, нуурын араар үргэлжлэх Хан Хөхий нурууны өмнөд бэл хурын усанд эвдэрч, эрэг ганга, гуу жалга, сархиа садраа элбэгтэй. Хяргас нуурт Хүнгүй, Завхан, Ховд голууд том жижиг нуур дамжиж цутгадаг (Ж.Цэрэнсодном, 2000).
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ